Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Амгаланбаярын Эрдэнэцэцэг буюу дуучин Энжиг “Авьяаслаг монголчууд” шоуны өхөөрдөм бяцхан чоноор хүмүүст анх танигдаж эхэлжээ. Одоо бол хүүхдүүд нь дууг нь сонсдог болохоор Энжиг танихгүй хүн Монголд бараг байхгүй гээд хэлчихэд нэг их зөрөхгүй.

Хар багын л ухаалаг хэрсүү Энжиг нэг үе дуучин Д.Болд “Channel 11” телевизийнхээ хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллуулдаг байсан билээ.

Дараа нь дуучин Э.Чулуунчимэгийн “Өөрийнхөөрөө бай” дууг дуулж олны анхааралд дахин өртөж эхэлсэн юм. Тухайн үед Энжитэй нас ойролцоо Э.Чулуунчимэгийн охин ээжийнхээ дууг дуулах хүсэлтэй байсан ч ээж нь дууныхаа түгээлтийг бодоод Энжигээр дуулуулсан гэдэг.

Энжи хоёрхон настайдаа хөтлөгч жүжигчний хосолсон “Алтан од” дугуйланд суралцсан нь одоогийн амжилтынх нь эхлэл байв. Одоо түүний ард бүжиглэдэг хүүхдүүд ч мөн тус дугуйлангийнхан бөгөөд нэг нь төрсөн ах нь юм.

Өдгөө Энжи “Тольт” хувийн дунд сургуулийн  сурагч бөгөөд дүрслэх урлаг, биеийн тамир, математикийн хичээлд илүү сонирхолтой.Холливуудад алдартай жүжигчин болох мөрөөдөлтэй Энжигийн аав нь гагнуурчин, ээж нь хувиараа бизнес эрхэлдэг.

Уран бүтээлийнх нь ажилд ээжийнх нь дүү нар тусалдаг бөгөөд аль нэг студи продакшнд харьяалагддаггүй учир дууны үг зохиох, клипэнд өмсдөг хувцас гутлаа бүгдийг нь өөрсдөө урладаг учир тун ч завгүй байдаг гэнэ.Энжи Монголынхоо алдартнуудаас дуучин Укатай, гадныхнаас Black Pink, Ариана Гранд гээд олон дуучидтай хамтарч дуулахыг хүсдэг гэнэ.