Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Монголын сор болсон сайхан бүсгүйчүүдийн нэг бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэг.

Түүнийг “Суварган цэнхэр уулс” киноны сурвалжлагч бүсгүй, “Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэн, “Жинжиймаа” киноны алаг нүдэн, “Газарчин” киноны индиан эмэгтэй зэрэг олон сайхан дүр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн.

Гавъяат маань урлагт анх 18-хан настай жаахан бүсгүй Монголын кино урлаг хэмээх том айлд хөл тавьснаас хойш өдгөө аль хэдийнэ 40 гаруй жил өнгөрчээ.

Багаасаа кино их үздэг, жүжигчдийг их таньдаг, дотроо нууцхан жүжигчин болох хүсэл тээдэг охин байжээ.Олон ч номын зохиогч болж, олон ч шавь нарыг төрүүлж, олон орнооp аялж, тэнгэрт одсон ханийхаа дуусгаагүйг амжуулахaaр дундаршгүй ажилтай, дүүрэн жаргалтай явна.

“Би завгүй гүйж, хийж бүтээж буйдаа сэтгэл ханаж, түүгээрээ өөрөө өөрийгөө сэргээж, нөхөж явдаг. Ядаж л ой ухаанаа xөгшрүүлчихгүйн тулд завгүй амьдрах хэрэгтэй” гэх түүнийг харсан хэн ч нас гэдэг зүгээр л тоо гэдэгтэй эрхгүй санал нийлнэ. Нүүр үрчлээтэв ч зүрх сэтгэл үрчлээтдэггүйн учир залуу нас гэгч үpэгдэж бaрагдаж дуусдаггүй зүpх сэтгэлд, хүний мөн чaнарт oршдог.Ханийнхаа тухай ярихдаа нүд дүүрэн нулимc мэлтрүүлж, хөвгүүдийнхээ тухай сэтгэл дүүрэн баяр бахдал цэлэлзүүлнэ.

Тэрээр ханийнхаа хайрыг хамгийн их үгүйлж байгаагаа нэгэн хэвлэлд дурсчээ. “Ханийн хайр бол ерөөсөө халамж юм. Хүн бодохдоо алт мөнгө зүүлгэж, хаусанд амьдруулж, үнэтэй машин авч өгөх нь хайр мэт эндүүрдэг.

Энэ бол хэрэглээ. Аяндаа нас ахихад аль нь хайр, юу нь хэрэглээ гэдгийг ойлгодог.Эдлэхийн хэрээр сэтгэл ханадаг бол хайранд ханадаггүй. Би лапшанд их дуртай. Манай нөхөр намайг ажлаас ирэх дөхөхөөр хоолныхоо гурилаа хийх үү? гээд л хэд хэд залгана. Би үүнийг нь маш их үгүйлж байна даа. Тэр л хайр, тэр бол халамж…” хэмээжээ.

Аав ээжийнхээ араас дэлгэцийн урлагт хүч сорихоор болсон хоёр хүү нь хоёулаа найруулагч мэргэжилтэй. Том хүү М.Бишрэлийн хувьд АНУ-ын Чикагогийн их сургуулийг төгссөн бол бага хүү М.Ивээл Колумбийн их сургуулийн кино найруулагчийн анги төгсчээ.

Гавьяат жүжигчин Н.Батцэцэг ярилцлагадаа “Нэг хүү маань кино зохиол бичнэ, нөгөө нь богино хэмжээний кино хийж байна. Хүүхдүүд маань ирээдүйн их гараагаа эхлүүлэх гээд бэлтгээд л байна гэж боддог. Хоёр хүү маань кино урлагийн уран бүтээлчид учраас цаашид хөвгүүдтэйгээ хамтарч уран бүтээл хийхийг үгүйсгэхгүй.

Миний хувьд тийм боломж гарвал сайхан л байна” хэмээн ярьж байсан билээ. Сонирхуулахад, бага хүү М.Ивээл ээжтэйгээ “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Вансэмбэрүү”, “Цагаан сүүний домог” зэрэг кинонуудад бага насандаа тоглож байжээ.