Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

МУАЖүжигчин Д.Гүрсэд өчигдөр цолны найраа ёслол төгөлдөр болж урлагийнхныг нэг дор цуглуулан нижгэр тэмдэглэлээ.

Нобелийн шагналт Ж.М.Коэтзийн зохиол, найруулагч Сиро Геррагийн бүтээл “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд холливуудын одтой мөр зэрэгцэн тоглож, нэрт жүжигчин Жонни Деппээс талархлын үг соонсоод амжсан зангарагтай нэгэн бол Монгол Улсын Ардын жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэд билээ.

“Мандухай сэцэн хатан”, “Саруул талын ерөөл”, “Говийн зэрэглээ”, “Их авхай”, “Ширүүн тулааны өмнө”, “Унаган хайр”, “Төрийн сүлд өршөө” гээд 150 гаруй дэлгэцийн болон театрын уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн түүний “Саруул талын ерөөл” киноны их зохиолч Д.Нацагдоржийн дүр нь их эрхэм санагддаг билээ. Дэлгэцийн урлагт олон сайхан дүрээ мөнхөлсөн тэрбээр нэг хэсэгтээ кино урлагаас холдсон юм.

Энэ хугацаанд тэрбээр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт, “Сэлэнгийн долгио” чуулгад найруулагчааар ажиллаж байсан аж. Сүүлийн жилүүдэд дэлгэцийн болон телевизийн олон ангит кинонд ухаарал хайрласан өвгөн буурлын дүрд тоглон үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж яваа Монгол Улсын гавъяат жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэд гуайтай уулзаж ярилцсан юм. Таалан болгооно уу.

-Таныг анх хэн гэгч хүн Монголын кино урлаг руу хөтлөн оруулав. Анхны сонирхолтой, сайхан дурсамжаасаа хуваалцана уу 

-УБИС-д 1976 онд кино драмын ангид элсэн орсон хүн шүү дээ, би. Нэлээд хожуу 25 насандаа оюутан болж байгаа нь тэр. Тэгээд 1980 онд жүжигчин найруулагч мэргэжлээр сургуулиа төгссөн. Оюутан байхад МУГЗ Халтарын Дамдин /хүүхдийн/ багш маань “Газрын үнэр” кинонд биднийг дадлагаар авч явсан юм. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд очоод “За, Гүрээ чи бригадын даргын дүрд тоглоно шүү” гэж билээ. Тэр киноны гол дүрд нь Г.Мягмарнаран, Б.Цэрэнпагма хоёр тоглосон. Багшийнхаа хэлсний дагуу би хамгийн анх энэ киноны бригадын даргын дүрд тоглосон юм. Тэр дүр маань намайг өөд татаж, их олон хүнд танилуж өгсөн шүү. Гүрсэдийг биш бригадын дарга нь олны танил болж, олонд хүрсэн хэрэг. Дараа нь Соёлын яамны томилолтоор “Үндэсний жүжгийн хүрээлэн”-д жүжигчнээр ангиасаа  МУАЖ С.Сарантуяа, би гээд тавуулаа очиж байсан. Оюутны ширээнд сууж байхад бидэнд урлаг, театрын тухай ном айлдсан хүн бол МУАЖ Б.Мөнхдорж багш минь. Тэр мундаг багш маань одоо ч гэсэн СУИС-д хүчин зүтгэж залуу хойч үеээ бэлтгэж байгаа. Миний бие ч гэсэн 1994-1995 онд СУИС-д багшаар ажиллаж байлаа. Тэгээд амьдралын эрхээр Солонгос улсыг зорьсон ч тэнд нэг их удаагүй ээ. Эргэж ирээд урлагийн байгууллагадаа  “Хүүхэлдэйн театр”-т 10 жил хүчин зүтгэсэн. Түүний дараа Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио”  чуулга”-д найруулагчаар томилогдож, 12 жил тэнд ажиллаж, амьдарч байгаад гавьяаныхаа амралтанд гарсан. Гэсэн хэдий ч Кино урлагийн сургуулийн захиргаанаас надад багшлах санал тавьсан. Ингээд тэднийхэн хүсэлтийн дагуу дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

-“Говийн зэрэглээ”, “Гэрлэж амжаагүй явна”, “Би нисэх дуртай” гээд олон сайхан кинонд тоглож, үзэгчдийн хайрыг ид татаж байх үедээ Та нэг хэсэг сураг алдарсан. Тэр хугацаанд хаана юу хийж явсан бол гэх асуулт олон хүнд байдаг байх шүү?

-“Сэлэнгийн долгио чуулга”-д найруулагч, уран сайхны удирдаачийн албан тушаал хаших томилолтоор явсан тэр цаг. Тэр үед чинь би гэдэг хүн байгууллагынхаа төлөвлөгөөт уран бүтээл урын сангийн бодлого тодорхойлох гээд толгой өндийлгөх завгүй нүсэр ажилтай байв. Тиймээс кинонд тоглох урилга ирэхэд очиж чаддаггүй байсан. Тэр үед хүмүүс намайг “Гадаадад амьдарч байгаа… Кино урлагаа орхисон…” гэж ярьдаг байсан юм гэнэ лээ.

-Сэлэнгийн чуулгад ажиллаж байсныхаа дараа гэнэт уран бүтээлээрээ уулзахад гайхаж, Таныг бараг танихгүй шахам байсан гэх яриа сонссон л доо. Та хэдэн онд эргээд дэлгэцийн уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзлаа?

-Шавь нарынхаа хэд хэдэн уран бүтээлд 2010 оноос дүр бүтээж, дэлгэцийнхээ урлагт эргэж ирэхэд намайг шинэ жүжигчин шиг л “Энэ өвгөн хаанаас гараад ирэв ээ” гэж хүмүүс ярьдаг байсан гэдэг шүү.

…Үндсэндээ 1980 онд хоёр уран сайхны кино, нэг телевизийн бүтээлд тоглосон. Бас драмын театрт хэд хэдэн жүжгүүдэд оролцож дүр бүтээсэн. Маш мундаг хүмүүстэй цуг хамтран ажилласан. Тэр үед драмын урлагийг нуруун дээрэ үүрч явсан ахмадуудаас магтаал, зэмлэл бүгдийг сонсож явсандаа би өдий зэрэгт хүрсэн…

-Таны хувьд бас хэн нэгэнд тохиогоод байдаггүй хувь тавилан тохиосон шүү. Жүжигчин, уран бүтээлч хэн боловч “Холливудад тоглоод үзчих юм сан” гэж мөрөөдөж байдаг. Харин Таны хувьд Холливудад тоглоод авсан азтай уран бүтээлч. Энэ талаар Таны яриаг сонирхож байгаа хүн олон?

-МУСК “2000” кинонд өвгөн баатрын дүр бүтээж явахад танай улсын жүжигчдээс проб хийе гэж 2018 онд Англиас хүсэлт ирсэн. Тэр хүсэлт ирэх болсон нөхцөл нь гэвэл гол дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг тоглох болсноор энэ бүтээлд Монголоос жүжигчид авч тоглуулах гэдэг шийдвэр гарсан юм. Эхний удаад бидний зургийг явуулсан бол дараа нь өөрсдийгөө танилцуулсан видео бичлэг ирүүлэхийг хүссэн. Хүсэлтийн дагуу явуулсан видео бичлэгнээс МУАЖ П.Цэрэндагва бид хоёр тэнцэж, Холливудын кинонд дүр бүтээсэн юм. Кино зохиол нь 2008 онд бичигдсэн хөгжиж байгаа болоод жижиг буурай орнуудын газар нутгийн баялгийг тонон дээрэмдээд орхиж явахдаа иргэд Засгийн газрын хооронд иргэний дайн дэгдээгээд явдаг Америк улсын нэгэн бодлогыг шүүмжилж бичсэн. Зохиолч нь энийг цагаан арьстнууд хийж байна. НҮБ болоод дэлхийд хэлэх цаг нь болсон гэдгийг зохиолоороо хэлж чадсан учраас Нобелын шагнал хүртсэн байдаг. Энэ зохиолоор кино хийх гэж ерөнхий продюссер Карл  20 жил судалж хөөцөлдсөний эцэст кино хийх эрхийг авсан юм билээ. Тус кинонд дөрвөн улсын   жүжигчдийн баг оролцсон. Энэ багийг бүрдүүлэх эрхийг Англи, зураг авалтын тоног төхөөрөмж, найруулагчийн талыг Америк, хувцас нүүр хувиргалтыг Итали, зураг авах газар машин тэрэг хоол хүнсийг Африкийн Марокко улс хариуцаж ажилласан. Тухайн кинонд оролцсон өөр өөр улсын хүмүүс биенээсээ суралцах, өөрийн улс орны онцлогийг таниулах, хоорондоо холбоо хэлхээтэй дахин хамтран ажиллахад илүү хялбар болох гэх мэт маш их үр өгөөжтэй ажил болсон. Жонни Дэпп бид хоёр шууд зургийн талбай дээр уулзсан. Дараа нь Англиас олны хэсэгт орохоор ирсэн Өнөрөө гэх эмэгтэйгээр дамжуулан яриа өрнүүлсэн. Тэр үед их зүйлийг ярих байсан ч Жонни Дэпп дараагийн зургандаа орохоор явсан. Зураг авалтыг харж байхад манай Монголын жүжигчдийн тоглолт Жонни Дэппийн тоглолт хоёрын хооронд нэг их ялгаа байгаагүй Бодит үнэнийг үнэлж тоглох, сэтгэлээсээ бие биетэйгээ зөрчилдөж байгаа нь эн тэнцүүхэн байсан. Өгөгдсөн нөхцөлд тухайн дүрд яаж тоглох, ямар байх нь жүжигчний ур чадвараас хамаардаг. Станиславскийн тэр бодит үнэнийг үнэлэх, бодит үнэнээр тоглох гэдэг нь дэлхийн жүжигчдийн дунд сургааль, бүхэл систем болоод түгчихсэн юм байна гэдгийг тэндээс ойлгосон. Миний хувьд аль ч орны уран бүтээлчидтэй Монголын жүжигчид адил мэт харагдсан өөр нэг зүйл нь гэвэл манай улсад урлагийн чиг хандлагыг зохион байгуулах тэр улс орны өмнөх үеийн хаяж, алдаж болохгүй сайхан зүйлүүд гээгдэж Монгол хүн өөрөө монголоосоо зугтааж байгаа нь буруу юм аа. Жишээ нь, Солонгос улсын соёлын бодлого үнэхээр сайн байна. Тэдэнд тийм их хаадын түүх, дайн тулаанд ялалт байгуулж байсан түүх байхгүй хэдий ч тэд өөрсдөө зохиож байхад манай улс энэ агуу хаадын түүх нүүдэлчин соёлоороо кино хийх хэрэгтэй гэж боддог.

-Та амьдралын турш хуримтлуулсан энэ их туршлагаа залууст хэрхэн өвлүүлж байна. Өнөөдрийн залуу үеийнхэн Таны залуу үеийн хорронд ялгаа их байна уу?

-Урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй, зорьсон мэргэжилдээ өөриймсөг хандаж, ахмад үеийнхээ уран бүтээлчдийн гаргасан зам мөрийг улам илүү тод томруун болгож явуулахыг хүсч, өөрийнхөө урлагт өнгөрүүлсэн 44 жилийн алдаатай, оноотой зүйлсийг зааж зөвлөж явна даа. Ахмад уран бүтээлч хүний нэгэн жарны амьдрал гэдэг бол тухайн үр хүүхэд залуу ирээдүй хойч үед нь сургамжтай авууштай, бодууштай юм их байгаа бас хаяхаар зүйл ч бий. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд сайнаа авч мууг хаяж ирсэн болохоор одоогийн хүүхдүүдэд ойлгуулах гэж заримдаа уурлаж, инээж, зэмлэж, магтах бүгдийг л хольж явна даа. Багш хүний амьдрал ажлын нэг өдөр ингэж л өнгөрдөг дөө.

-Таныг “Говийн зэрэглээ” киноны хоёрдугаар нисгэгчийн дүрд тоглосон болохоор “Би нисэх дуртай”гэх кинонд тоглуулсан гэдэг Та үнэхээр “АН-2” онгоцыг жолоодож чаддаг уу? 

-Би тэр онгоцыг жолоодож чадна гэж хэлэхгүй ээ. Доржпалам багш 1980 онд “Говийн зэрэглээ” гэдэг кино хийх гэж байна. Драмын театр дээр дүр сонгох гэж байна. Хүрээд ир гэж хэлсэн”. Тэгээд тэр кинонд хоёрдугаар нисгэгчийн дүрээр оролцсон. Энэ киноны дараагаар 1986-1987 онд Сумхүү багш “Би нисэх дуртай” хэмээх кино хийнэ гэж намайг дуудаад “Чи ч хоёрдугаар нисгэгчээс дээш гарахгүй юм байна даа. Уул нь чамайг онгоцны дарга болгоё гэж бодсон боловч зохиол мааньөөр. Чи хэрэг тарьсан, тушаал буурсан хоёрдугаар нисгэгчид тоглох уу гэсэн. Би ч тоглоё л гэсэн”. Тэр үед нисэхэд ажиллаж байсан залуус  “Ямааны эвэр” гэдэг жолоон дээр суулгаж байгаад л АН-2 /царцаа ногоон/ онгоцоор нисэх анхны мэдэгдэхүйнтэй болгосон. Тэр үед залуу ч байж хүний сурсныг би яагаад хийж чаддаггүй юм бэ гэж бодож нисэх гэж оролдсон. Ниссэн харин бууж чадаагүй. Нисгэгч хүний хамгийн хүнд ажил бол буух. Буух нь нисэхээсээ хэцүү юм билээ.

-Дүр сонгоход тухайн жүжигчний хамгийн том шалгуур нь юу байдаг юм бол?

-Тэр үеийн найруулагчид дүр тохируулахдаа дотроо тэр дүрээ төсөөлж, буулгаж авдаг. Тэгээд иймэрхүү царай төрхтэй, дуу хоолойны өнгө тийм гэх мэтчилэн төсөөлөлд нь би тэнцсэн болохоор сонгосон. Монгол киноны ноён оргилуудтай бүгдэдтэй нь хамтран ажиллаж үзсэн болохоор өөрийгөө их хувьтай хүн гэж боддог. Энэ нь өөрөө Монголын кино дэлгэцийн урлагаар дамжуулан хүргэсэн дүрүүд минь хүмүүсийн сэтгэлд хүрсэн учраас намайг тоож, өөрсдийн уран бүтээлдээ тоглуулсан байх гэж бодож явдаг. Эргээд харахад хийсэн зүйлдээ сүрддэг их зохиолч Д.Нацагдоржийн дүрийг анх дэлгэцэнд амилуулж, Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэгч Чин Ван Ханддорж, их хаан 40 жил төр барьсан Баянмөнх Жононгийн дүрд тоглосон. Нэг талдаа их айдаг, энэ агуу хүмүүсийн дүрд тоглохдоо үзэгчдийн хүсэн хүлээж байсан зүйлсийг дутуудуулж хаясан байх бол яах вэ гэж. Хүмүүс нэгэндээ цаасан малгай өмсгөхдөө их сайн алдаа дутагдлын хэлэх хүн ховор. Барагтай бол хэлдэггүй, эмээдэг энэ нь их хэцүү байдаг. Тайз дэлгэцийн урлаг намайг Монголын ард түмэнд таниулсан мөн дээрээс нь кино урлагийн сургуульд багшилж байгаа болохоор өөрийгөө боловсруулах гэж их дайчилдаг болсон.

-Таны уран бүтээлийн хамгийн оргил үе хэзээ байв?

-Үндсэндээ 1980 онд хоёр уран сайхны кино, нэг телевизийн бүтээлд тоглосон. Бас драмын театрт хэд хэдэн жүжгүүдэд оролцож дүр бүтээсэн. Маш мундаг хүмүүстэй цуг хамтран ажилласан. Тэр үед драмын урлагийг нуруун дээрэ үүрч явсан ахмадуудаас магтаал, зэмлэл бүгдийг сонсож явсандаа би өдий зэрэгт хүрсэн.

-Дүр бүтээх, уран бүтээл найруулах хоёр бол маш өөр. Таны хувьд найруулагчаар  ажиллахдаа жүжигчдэд ямар шалгуур тавьдаг вэ?

-Улсын хүүхэлдэйн театрт ээлжийн найруулагч 10 жил хийсэн.  Б.Лхагвасүрэнгийн “Цүнх”, “Давс”, “Өлгийгийн зүүд” гэх мэтчилэн жүжгүүдийг найруулалцаж гар бие оролцож заримд нь өөрөө тоглож явлаа. “Үлгэрийн далай чуулга” ардын аман зохиолын чуулгад уран бүтээл туурвиж, жүжигчдээ ахалж, хөдөө орон нутгаар өөрсдийн хийсэн ажлаа толилуулж эхэлсэн цаг л даа. Ийм ажлуудыг туулж өнгөрүүлсэн энэ хугацаанд маш мундаг уран бүтээлчид, зохиолчид, яруу найрагчидтай цуг байсан ажлын үр дүн өнөөдөр сэтгэлд хоногшин үлдэж хүнд хэлэх үгтэй болжээ.

-Бүтээх дүрээ судлахад хамгийн гол нь юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд, мэдээж зохиолтойгоо танилцдаг. Тухайн эх зохиолыг кино зохиол болгосон зохиолуудтай уялдуулж уншиж тэр дүрийнхээ байгаа нөхцөлөөс илүүтэй өмнөх түүхийн судалж яагаад энэ дүр бичигдэх болсон гэдгийг эхлээд хардаг. Үүгээр дамжуулаад дүрийнхээ үрийг олдог. Ингэж олсон үрээ өөрийнхөө дотор ургуулж, дүр  бүтээдэг. Уран бүтээлч хүн гэдэг өрөөл бусдын амьдрал, тэмцэл, жаргал, зовлонг өөрөөрөө дамжуулж гаргадаг нь жүжигчний мэргэжлийн ялгарах онцлог юм. Үгийн, биеийн, сэтгэхүйн гэсэн энэ гурван үйлчлэлээр тухайн дүр тодрон гардаг. Үүнд жүжигчин хүн хариулахын тулд өөрийгөө бэлтгэж эзэн болох хэрэгтэй. Жишээлбэл: “чиний амьдрал би орж тоглохын тулд чи юу сэтгэж, бодож хэрхэн биелүүлэх гэж байгааг, яаж биелүүлсэн зэргийг дүрийн түүхээр гарган ирдгийг дүрийн судалгаа гэнэ.

-Орчин цагийн кино Монгол түүх, монгол ахуйгаасаа нэлээд холдоод байна уу даа гэсэн эмзэглэл байдаг. Энэ тал дээр Таны бодол?  

-Ерөнхийдөө бол Монголын кино, урлагийн түүх нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагаж явдаг. Тэгтэл улс орны хөгжил, нийгэм эдийн засгийн бодлого ямар хүрээнд, аль цаг хугацаанд байгаа нь хамгийн чухал асуудал нь болдог. Залуу үеийн бүтээлчдээ буруутгахгүй. Харин ч төр, засгийн дэмжлэг авалгүйгээр өнөөдрийг хүртэл бүтээж, хийж ирсэнд нь бахархдаг. Өнөө үед монголчууд суурьшмал амьдралд хэт их дуртай болчихож. Нүүдэлчин арга ухаант малчин соёлоосоо холдож, хуучны уламжлалт байдлыг мартсан, амар хялбар аргаар амьдрах гэсэн хүмүүс энэ нийгэмд олширсон. Төрөл бүрийн сэдвээр кино хийж байгаа залуу үеийнхэн бол зөв. Гагцхүү төр засгаас энэ соёл урлагийг бодлогоор маш сайн дэмжиж, дэлхийн хэмжээнд эх түүхээ таниулан дэлгэрүүлэх хэрэгтэй.

Залуусдаа хандан хэлэхэд үр хүүхдээ өөрийн гэсэн бодолтой өрөөл бусдад саад болохгүй амьдарч чаддаг тийм л иргэн болгож хүмүүжүүлээрэй гэж хүсч захиж явдаг юм. Өнөөдөр бидний өвөг дээдсийн үлдээсэн тэр сайхан ёс заншлуудаа гээж байгаа нь харамсмаар санагдах юм аа.