Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Гавьяат жүжигчин С.Батсүхийн дууг тун ч эвлэгхэн дуулж, олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй бяцхан хүүг хүмүүс андахгүй болжээ.Монгол түмний хайрыг татсан, авьяастай хэвлүүхэн яриатай хэрсүү, бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн төрсөн өдөр тохиож байна.

БАГШ ШАВЬ ХОЁРЫН УУЛЗСАН ТҮҮХЭЭС…….

Багш, шавь хоёрын анх танилцсан түүх энгийн боловч сэтгэл хөдлөм. “Би “Орчлонг хайрлаарай” дууг дуулсан хүүгийн эмээ нь байна. Хүүтэйгээ хамт очиж тантай уулзаж болох уу” хэмээн нэгэн бүсгүй уулзахыг хүсчээ.

Ингээд таван настай гэх хэрнээ жижиг биетэй, эгдүүтэй, хөөрхөн хүүтэй уулзсан хэрэг. Гэсэн хэдий ч төдийлөн ойр байхыг хүсээгүй аж. Учир нь олны ойлгомжгүй хэл ам бяцхан хүүг эвгүй байдалд оруулах вий гэх болгоомжлол гавъяатад байжээ. Гэхдээ дуулж байгаа нь ер бусын сонин. Өөрөө дуулаад байна уу, эсвэл хүн өмнөөс нь дуулаад байна уу гэж эргэлзмээр байсан хэмээн тэрээр дурссан юм. Дуучид нэлээд хөдөлмөрлөж байж сайн дуу гаргадаг бол бяцхан уран бүтээлч маань шууд л дуулдаг байна. Гавъяатын хэд, хэдэн дууг дуулсан аж. Тэгэхээр нь өхөөрдөөд зарим дууныхаа понограммыг өгчээ.

Түүнээс хойш удалгүй бяцхан Энэрэл хүү түүний эмээ /нагац эгч/ Г.Барамсаймаатайгаа өдрийн сайныг товлон багш шавийн барилдлагаа гуйж МУГЖ С.Батсүхийн отгон шавь болжээ. Айлын отгон хүүхэд эрх танхи байдгийн адил гавъяатын отгон шавь ч нэлээд танхи нэгэн бололтой. Өхөөрдөм хөөрхөн, байгалиас заяасан өгөгдөл авъяастай бяцхан хүүгийн ирээдүйд өөрийн чадах чинээгээр тусалж дэмжихийг хүсч буйгаа тэрээр дахин дахин хэлж байв. Тиймдээ ч сайн санааны үзүүрт шар тос гэгчээр санаж, сэдсэн ажил нь бүтэмжтэй байгаад баяртай сууна лээ, гавъяат.

Үүний нэг илрэл нь гавъяаттай маань ижил нэртэй Завхан аймгийн Алдархаан сумын уугуул С.Батсүх гэдэг хүн “Глобал” олон улсын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмших боломжийг хүүд өгчээ. Б.Бат-Энэрэлд үнэ төлбөргүй суралцах эрхийн батламжаа тоглолтын үеэр гардуулах юм байна. Энэ нь түүний оюунд хийж буй томоохон хөрөнгө оруулалт болох учир МУГЖ С.Батсүх олзуурхаж буйгаа илэрхийлсэн.

“Б.Бат-Энэрэл бол зүгээр нэг хүү биш. Завханы театрт ороод шууд тайзнаасаа адис авч байна лээ” хэмээн МУГЖ С.Батсүх бахархаж байв. Сонин содон яриатай, хүн заагаад өгчихсөн юм уу гэмээр зүйлсийг үе, үе ярьдаг нь олныг гайхшруулна. “Үзэгч олон чамайг хайрлаж байна хүү минь” хэмээн багшийгаа хэлэхэд “Надтай олон жил уулзаагүй юм чинь аргагүй шүү дээ” гэжээ.

Бид урьд нас, хойд төрөл бий гэж ярьдаг. Заримдаа биелсэн гэдэгт ч итгэдэг. Түүнтэй нэгэн адил Б.Бат-Энэрэл хүүг эгэлгүй, ер бусын гэдгийг нь олон түмэн хүлээн зөвшөөрч буй. Тиймээс гоц авъяастай мундаг хүүг эрүүл энх байгаасай гэх чин хүсэл олныг нэгтгэж байгаад баяртай байгаагаа МУГЖ С.Батсүх ярьж байлаа.

КЛИП БҮТСЭН ТҮҮХ

“Хаан заяатай орчлон” дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарласан байна. Гэтэл Энэрэл хүү сурснаа үзүүлэхээр ирж. Ингээд багштайгаа хамт дуулмаар байгаагаа хэлсэн боловч МУГЖ С.Батсүх зөвшөөрөөгүй гэдэг. Ингэхдээ олон зүйлийг тайлбарлахын зэрэгцээ балчир хүүхдээр шоу хийлээ гэж хүмүүс хэлнэ. Тиймээс болохгүй гэсэн аж. Түүний дараахан Энэрэл хүү телевизийн ярилцлагад оролцох үеэрээ “Булдаруу Төрмандахтай дуулж болоод л байна. Гэтэл би багштайгаа дуулж болдоггүй ээ. Миний багшийг та нар битгий муулаад, буруугаар ойлгоод байгаарай” хэмээн хатуу сануулга өгч харагдсан юм.

Харин гавъяат тусламж хүсч ирснээс нь хойш хүүд хамааралтай хоёрхон хүнтэй л уулзаж. Тиймээс нэлээд бодсоны эцэст гэр бүлийг нь судалж, яг үнэндээ ямар учиртай хүү юм гэдгийг нягталсан байна. Ингээд багш шавь хоёр хамтдаа дуулж клипээ ч хийлгэж байжээ.

Дууны сайхан эгшгээрээ ард түмнээ баярлуулж, өнө удаан аз жаргалаар бялхаж байгаарай Б.Бат-Энэрэлээ…