Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

30 гаруйхан насандаа алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор энгэрээ чимсэн тэрээр ханьтайгаа Улаанбаатарт 1999 оны наймдугаар сарын 28-нд оюутан болж ирээд танилцсан. Өөрөө бол Төв аймгийн Заамарынх, харин нөхөр нь Дарханы Хонгорынх.

сонин mn

Д.Батдаваа амьдралын хань Ө.Өрнөхбилэгтэй одоогоос 20 жилийн өмнө учирсан бөгөөд өдгөө хоёр насны зөрүүтэй ес нь сайхан хүүхэдтэй болсон тав нь охин, дөрвөн хүүтэй. Тэд гэртээ Б.Анударь, Б.Анирлан, Б.Маргад-Эрдэнэ, Б.Номин-Эрдэнэ, Б.Ангараг-Эрдэнэ, Б.Сугар-Эрдэнэ, Б.Тунгалаг-Эрдэнэ, Б.Буд-Эрдэнэ гэх найман бурхантай. Хамгийн отгон гишүүн болох ес дэх үр эхийнхээ хэвлийд бойжиж буй.

Орос, англи, япон хэлний сургалттай сургуулиудад хүүхдүүдээ хувааж сургажээ. Хэлтэй бол хөлтэй гэдэг гэдэг учраас хүүхдүүдийнхээ боловсролд их анхаардаг гэж гэрийн эзэгтэй ярьсан. Иймээс том хоёр охиноо Ромашка орос хэлний сургуульд сургадаг. Дараагийн хоёр нь математатикийн гүнзгийрүүлсэн сургалттай 51 дүгээр ангийн сурагч, сүүлд сургуульд ордог Ангараг-Эрдэнэ Япон хэлний сургуульд суралцаж байна. Сугараа, Тунгалаг хоёр цэцэрлэгт, харин Будаа ээжийнхээ энгэрээс зүүлдээстэй.

ТЭД СУРГУУЛИА ТӨГСӨӨД ХОЁР ТАЛААС ДИПЛОМ, ЧЕМОДАНААС ӨӨР ХОГШИЛГҮЙ НИЙЛЭН АЙЛЫН ХАШААНД ГАЛ ГОЛОМТОО БАДРААЖ БАЙЖЭЭ Д.Батдаваа эхнэртэйгээ анх танилцсан өдрөө тодоос тод санах аж. Тэрбээр “1999 оны наймдугаар сарын 27-ны өдөр эхнэртэйгээ анх танилцаж байлаа. Хамаатан мөртлөө үе ойролцоо хүмүүс байдаг даа. Манай хамаатан биднийг учруулсан. Анх танилцаад удалгүй Хайлаастад байдаг эмээгийндээ очтол, хэдэн гудамжны цаана манай хүн хамаатныдаа очиж таарсан. Тэр үеэс эхлээд л бид хоёр бие биеэ өөрөөр харж эхэлсэн. Тухайн үед дөнгөж оюутан болоод байсан үе. Одоо бодоод байхад ёстой л заяаны хань зам дээр таардаг гэдэг үг үнэн санагдаад байдаг шүү” хэмээн инээлдэв. Д.Батдаваа хүнсний технологийн дээд сургуулийг нийтийн хоолны технологич, инженерээр их сургуулиа дүүргэсэн бол эхнэр Ө.Өрнөхбилэг Засагт хаан дээд сургуулийг санхүү нягтлан мэргэжлээр төгсчээ.

Тэд сургуулиа төгсөөд хоёр талаас диплом, чемоданаас өөр хогшилгүй нийлэн айлын хашаанд гал голомтоо бадраасан байна. Мэдээж айл гэрийг толгойлох хүндхэн хариуцлага Д.Батдаваад оногдсон учраас хэд, хэдэн ажлыг давхар хийх болжээ. Өөрт нь итгээд амьдралаа холбосон хань, өөрсдийнх нь хайраас мэндэлсэн үрээ харахаар зүгээр суухгүй хөдөлмөрлөж л байвал яваандаа амьдрал жигдэрнэ гэдэгт итгэсэн гэдэг.

Д.БАТДАВАА УРАНХАЙ МААЖИГ ГУТАЛТАЙ ЯВАХААС БУС ГЭР БҮЛИЙНХНИЙГЭЭ ХООСОН ХОНУУЛАХААС Л ИЧДЭГ БАЙСАН ГЭДЭГ Тэрбээр арван жилийн өмнө “Фаберлик Монголиа” компанид ажилд орсон бөгөөд өглөө цүнхээ үүрээд гэрээсээ гарахдаа “Би өдөрт заавал 200 мянган төгрөгийн бүтээгдэхүүн зарна. Зарж чадахгүй бол гэртээ орохгүй ” гэсэн зорилт тавьдаг байж. Ингэхдээ хүмүүсийн хөдөлгөөн ихтэй гудамж, эмэгтэй хүмүүс ихээр цугладаг газруудаар бүтээгдэхүүнээ танилцуулаад гүйнэ. Хэрэв азтай байвал хэдхэн цагийн дотор өөртөө тавьсан зорилтдоо хүрдэг бол заримдаа хичнээн хичээгээд ч ашиггүй ажиллах өдөр бий. Д.Батдаваа уранхай маажиг гуталтай явахаасаа ичихгүй. Шөнийн цэнгээний газраар явж охид эмэгтэйчүүдэд гоо сайхны бараа сурталчлан зарахаас ч ичихгүй мөртлөө гэр бүлийнхнийгээ хоосон хонуулахаас л ичдэг байсан гэдэг. Хөдөлмөрч хүнийг амьдрал шагнадаг гэлтэй юмгүй хоосноос эхэлсэн тэдний амьдрал өдгөө хөлөө олжээ. Тэд одоо компанид аа үндэсний захирал цолтой ажиллаж байна. Хос хоёр тус компанид арван жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд бага багаар хуримтлал үүсгэснээр амьдрал нь мэдэгдэхүйц сайжирсан гэдгийг хэлж байсан юм. Анх айлын хашаанд гал голомтоо бадрааж байсан бол яваандаа хашаа байшинд орж гурван жилийн өмнөөс орон сууцанд оржээ.

Түүний эхнэр Ө.Өрнөхбилэг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Их хотын бүсгүй-2019” хүндэтгэлийн арга хэмжээнээс “Шилдэг эмэгтэй” шагнал хүртсэн алдарт эх юм. Түүнтэй хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд баримталдаг зарчмын талаар ярилцсанаа хүргэж байна.

МАНАЙ ГЭР БҮЛИЙГ ГАДУУР ЯВАХАД ХҮН БҮР БАХАРХСАН ХАРЦААР ХАРЖ, ХАЙР ХҮНДЛЭЛ ДҮҮРЭН БАЙДАГ Ээж хэмээх эрхэм алдрыг зүүх мөч эмэгтэй хүнд мартагдашгүй сайхан байдаг гэдэг. Тухайн үед танд ямар сэтгэгдэл төрж байв? Эмэгтэй хүн ээж болох гээд өвдөж байхдаа ч, төрөх эмнэлгийн орон дээр гарсны дараа ч өөрийнхөө л ээжийг боддог юм билээ. Муу ээж минь яаж биднийг төрүүлж, өсгөсөн юм бол доо л гэж бодсон.

–Одоо дөрвөн хүү, дөрвөн охинтой өнөр бүл. Удахгүй бас шинэ хүн хүлээж авах гэж байна. Анх ээж болох үед хүн бүр анхаарал халамж тавьдаг.Харин ойр ойрхон бүл нэмэхээр хүмүүс ямар хандлага гаргаж байна?Янз янзын л хандлага гаргана даа. Зарим нь “Олон хүүхэд гаргаад сайхан юм аа” гэж байхад, зарим нь “Нохой шиг. Яасан олон хүүхэд гаргадаг юм бэ” ч гэж хэлдэг. Гэхдээ олон хүүхэдтэй байх сайхан. Бурхнаас ирж байгаа бэлэг гэж боддог учраас хүүхдүүдээсээ татгалзахыг хүсдэггүй. Би өөрийнхөө бодолд бат зогсдог болохоор хүмүүсийн хэлж байгаад санаа зовдоггүй.Орчин үед ганц хоёр хүүхэд өсгөхөд ч зарим ээжид хүндрэлтэй байдаг. Таны хувьд энэ олон хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэх хэцүү байдаг уу. Заримдаа шантрах үе байх уу? Ер нь цөөхөн хүүхэдтэй байх олон хүүхэдтэй байхын хооронд нэг их ялгаа байхгүй гэж боддог. Ялгаагүй л өглөө, орой хоол хийнэ. Хувцас угаана. Нэг тогооноос л хоол иднэ. Магадгүй тогооны хэмжээ нь л өөрчлөгдөх байх. Энэ бол хувь хүний оюун бодолтой л шууд хамаатай. Анхнаас нь хэцүү гээд бодчихвол олон хүүхэдтэй байх хэцүү л болно. Тийм болохоор бүл нэмэх бүртээ аз жаргалтай байдаг. Ерөөсөө хүүхдүүдээсээ төвөгшөөдөггүй. Анхнаасаа л байх ёстой л зүйл гээд хүлээгээд авчихсан. Магадгүй бурхнаас дахин бэлэг заяавал хүлээж авахад бэлэн. Эх хүн бүр хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг. Тэр дундаа олон хүүхэдтэй ээж та хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж байна?

-Хүүхдүүдээ бүх зүйлд сэтгэлээсээ хандаж, настай хүмүүсийг хүндэлж байгаарай, хогоо хогийн саванд хийх гэх мэт жижиг зүйлээс зөв хандлагатай болгохыг хичээж байна. Гэхдээ хамгийн гол нь үр хүүхдийн толь нь эцэг эх байдаг болохоор өөрсдөө зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг. Аав, ээж бид л зөв байхад аяндаа хүүхдүүд минь сайн явна. Хааяа маргалдах, муудах үе гарахад хүүхдүүдийнхээ дэргэд ам муруйхгүй байхаас эхлээд хичээж л байна даа.Бид хоёр өөрсдөө гадаад хэлний мэдлэг багатай болохоор хүүхдүүдээ гадаад хэлний мэдлэгтэй хүн болгохын төлөө илүү анхаарч байна. Ер нь олуулаа өссөн хүүхдүүд хүнийг хайрлах ухаанд илүү суралцдаг. Тийм болохоор үргэлж хүүхдүүдээ эх орон, ээж аавдаа тустай сайн сайхан хүн болно гэдэгт итгэл дүүрэн байдаг. Манай гэр бүлийг гадуур явахад хүн бүр бахархсан харцаар харж, хайр хүндлэл дүүрэн байдаг. Тэр хэрээр би хүүхдүүдээ зөв хүн болгож хүмүүжүүлэх үүрэг, хариуцлага тээж байгаа гэдгээ ойлгодог.