Сошиал хуудаснаа нэгэн ээж ийнхүү бусаддаа анхаарууллаа. Өөрийнхөө гараар охиноо алах шахлаа… Хоёр өдөр халуураад дарагддаггүй. Өчигдөр дүүргийн хүлээн авахад 2:39 хүлээсний эцэст үзүүлсэн юм. Эмчийн маруухан жороор бичсэн антибиотекийг 8 цагаар тарьж эхэллээ. Орой 18, шөнө, 02 өглөө, 10 цагт тариваа. Орой ядруухан байсан учраас анзаараагүй шөнийн тарианд жаахан чичрүүлээд нойрмог, айсан хоёр зэрэгцлээ гэж охиноо шоолж суув.
Өглөө 10 цагт тарьтал “ээжээ толгой эргээд гэж хэлэнгүүтээ ухаан алдаад уначихсан. Хурдан сэргэсэн болохоор нь айгаа юу яав ийв халуундаа ингэв үү?муухай ханиад гээд л халуун цай майхан хийж өгөөд л хэвтүүлчихсэн. Өдөр 14 цагын орчимд ханиаданд сайн гээд халуун ногоотой хоол амсаад дотор нь муухайраад татаад ухаангүй ойчлоо. Түргэн дуудаад хурдан ирсээн гэхдээ урьд нь унаснаасаа удаан сэргэсэн.
Царай нь хөхөрч цайгаад, хөл гар нь хөрөөд Түргэний эмч ирээд “@Антибиотекондоо харшилж үхэтхийн унасан гэж онош тавилаа. “Анафилаксий шок” буюу үхэтхийн унах үед зүрх зогсох, тархины цусан хангамж алдагдах аюултай юм байна. Айлд булчин тариа хийдэг гэх над шиг “ИХ МЭДЭГЧҮҮД” байдаг шүү дээ.
АНТИБИОТЕКИЙН СОРИЛ ТАВИУЛЖ БАЙЖ, ТАРИХ УЧИРТАЙ БАЙЖЭЭ. ХАРУУСААД БАРАХГҮЙ ГАСЛАНГ ӨӨРТӨӨ БИ ДУУДАХ БАЙЛАА. АНТИБИОТЕКИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭГ ЗОГСООЦГООЁ. МУУГАА ХҮНД ИЛЧЛЭХ ДУР ХӨДӨЛСӨНДӨӨ БИЧСЭНГҮЙ ЭЭ. ҮҮНИЙГ УНШСАН НЭГ Ч ГЭСЭН ХҮН ЗӨВ АЛХАМ ХИЙЖ, ЭМЧИЙН БИЧСЭН ЖОРОНД АНАЛИЗ ХИЙЖ, АНТИБИОТЕК ХЭРЭГЛЭХДЭЭ СОРИЛ БАС ДАХИН СОРИЛ ТАВИУЛААРАЙ???? БУРХАН МИНЬ ОХИНЫГ МИНЬ АВААД ЯВЧИХААГҮЙ “МУУ ЭХ” МИНИЙ ЗАЯАГ ТҮШСЭНД БАЯРЛАЛАА гэжээ.
Эмийн зохистой хэрэглээнд гаргадаг нийтлэг алдаа дутагдлууд
Эм гэж юу вэ? Эм гэдэг бол аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Тиймээс эмийг зөв зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал юм. Гэтэл манай иргэдийн дунд ийм мэдээлэл тун хомс төдийгүй өвдсөн үедээ хэн нэгэн танилаасаа сонсож, дуулсан “сайн” гэсэн тодотголтой баахан эмийг хэтрүүлэн хэрэглэдэг.
Үүнээс үүдээд өвчнөө улам хүндрүүлдэг тохиолдол ч цөөнгүй. Улсын 1-р төв эмнэлэгийн Эмнэлзүй, сургалт эрхэлсэн захирал Д.Чулуунбаатар: Манай иргэдэд антибиотикын зохистой хэрэглээний талаарх ойлголт төдийлөн сайн байдаггүй. Антибиотик бол нэг талдаа эм боловч нөгөө талараа хор. Тийм учраас мэргэжлийн эмчид үзүүлээд оношоо зөв тогтоосны үндсэн дээр тохирсон антибиотикыг зөв цагт, таарсан тунгаар нь ууж байж эм, эмчилгээ болдог.
Антибиотик л бол сайн гээд эмийн сангаас дураараа авч хэрэглэх нь маш их эрсдэл дагуулдаг гэдгийг зарим хүмүүс ойлгох хэрэгтэй. Учир нь хүний биед хэрэгтэй нян, өвчин үүсгэгч хэрэггүй нян хоёулаа байдаг. Харин дураараа антибиотик хэрэглсэнээр аль алиныг нь устгадаг. Хэдий өвчин үүсгэгч нянгаа устгаад сайн боловч нөгөөтэйгүүр биед хэрэгтэй нянгаа устгаснаар өвчин үүсгэгч бусад нянгууд үүсэх нөхцөлийг бий болгодог. Нянгаар үүсгэгдсэн эмгэгүүдийн хувьд антибиотик эмчилгээ нь хамгийн үр дүнтэй юм.
Гэвч антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэн түүний үйлдлийн идэвхи өөрчлөгдөж, ихэвчлэн хүссэн үр дүнд хүрч чаддаггүй. Өөрөөр хэлбэл нян антибиотикт дийлдэхгүй болж байна гэсэн үг. Иймээс иргэд өвдсөн үедээ эмийн сан биш эмч рүү хандаж эм, антибиотикыг зөв зохистой хэрэглэх хэрэгтэй.
ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНД ГАРГАДАГ НИЙТЛЭГ АЛДАА ДУТАГДЛУУД
Эмийг эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэх Эм хэрэглэхийн өмнө заавартай бүрэн танилцахгүй байх Эм хоорондын хугацааг алдагдуулах (Жишээ нь: эмч өдрийн 2-р уухаар зөвлөсөн бол та эм хоорондын зайг яг 12 цаг байхаар тохируулах шаардлагатай) Өвчний шинж тэмдэг арилмагц эм хэрэглэхээ зогсоох (энэ нь эмийн, ялангуяа антибиотик эмийн дасал үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг) Эмийн хадгалалтын горимыг алдагдуулах Хэт олон эмийг нэг дор хэрэглэх
ЭМИЙН ГАЖ НӨЛӨӨГ МЭДЭЭЛЭХ НЬ ИРГЭН ТАНЫ ҮҮРЭГ
Эмийн гаж нөлөө гэдэг нь эмийг эмчилгээний тунгаар хэрэглэхэд гарч буй хүсээгүй үр дүн юм. Гаж нөлөө тухайн хүний биеийн онцлог болон эмийн бэлдмэлээс хамааран янз бүрийн байдлаар илэрч болно. Зонхилон толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, тууралт гарах, загатнах, бачуурах, цусны даралт хэт ихсэх эсвэл багасах гэх мэт шинж тэмдэгүүдээр илэрнэ. Хэрэв таньд ямар нэгэн байдлаар эмийн гаж нөлөө илэрвэл эм худалдаж авсан эмийн сандаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хариуцсан эмч сувилагч нарт хандан мэдээллэх хэрэгтэй. Ийнхүү эмийн гаж нөлөөг цаг тухайд нь мэдээлснээр тухайн эмийн гаж нөлөөг гүнзгийрүүлэн тандахад туслах цаашлаад эмийн чанар аюулгүй байдлыг бэхжүүлж, “Эмийн зохистой хэрэглээ”-г төлөвшүүлэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.