Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Хүмүүс “Зүрхээр өвдлөө. Энэ аюултай юу” гэж их асуудаг. Тэгээд ч сүүлийн үед зүрхний шигдээсээр нас барсан тохиолдол олширч, энэ өвчнөөр шаналж буй хүмүүсийн нас залуужсан тухай ярих болсон.

Тиймээс зүрхний шигдээс өвчний талаар тодруулж, зөвлөгөө авахаар “Хүмүүн” эмнэлгийг зорьж ангаах ухааны доктор, зөвлөх эмч Д.Нарантуяатай ярилцлаа.

-Зүрхний шигдээсээр өвчлөх тохиолдол олширч, энэ өвчинд өртөж буй хүмүүсийн нас улам залуужаад байна гэх юм. Таныг энэ сэдвээр докторын зэрэг хамгаалсан гэж сонссон учраас зорьж ирлээ. Олон асуулт байгаа ч эхлээд зүрхний шигдээс гэж юуг хэлээд буйг тайлбарлаж өгөөч?

-Үүнд хариулахын өмнө зүрхний өвдөлт гэж юуг хэлээд буйг тайлбарлая. Хүчилтөрөгчийн дутагдлаас булчинд бүрэн бус исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж, өвдөлтийн рецепторыг цочроосноор өвдөлт үүсдэг. Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн дутагдал нь түүний тэжээл буюу цусан хангамжийн дутагдлаас үүсэх бөгөөд тэжээл духагдах хоёр төрлийн үндсэн шалтгаан бий.

Цусан хангамжийн дутагдлын үргэлжлэх хугацаа, гэмтлийн зэргээс хамаарч өвдөлт янз бүр байна. Нэгдүгээрт, зүрхийг тэжээгч “титэм” судасны эмгэг буюу титэм судасны нарийсал, эсвэл бөглөрлөөс үүдэлтэй. Нарийсал нь судасны үрэвсэл, хатуурал, шохойжил, төрөлхийн гаж хөгжил зэргээс үүсдэг. Судас цусны бүлэн, хий зэргээр бөглөрнө. Хоёрдугаар шалтгаан нь зүрхний булчингийн хэрэгцээ нэмэгдэхтэй холбоотой. Зүрхний булчин томрох, эсвэл зүрхний цохилтын тоо нэмэгдсээр булчингийн хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдэнэ.

Энэ үед хэвийн, эмгэг өөрчлөлтгүй титэм судас хангалттай тэжээл буюу хүчилтөрөгчийг өгч чадахгүйд хүрдэг. Цусан хангамжийн дутагдлын үргэлжлэх хугацаа, гэмтлийн зэргээс хамаарч өвдөлт янз бүр байна. Иймд цусан хангамж дутагдсанаас үүссэн өвдөлтийг ялган танихад хялбар болгох үүднээс байрлал, онцлог, дамжилт, хугацаа, эрчим, намдах үйл явцаар нь тодорхойлж болдог.

Бид эдгээрийг “БОДХЭН” гэж зургаан үсгээр товчилж тайлбарладаг юм. Тодруулбал: Байрлал- цээжний зүүн талд, өвчүүний араар өвдөх Онцлог- дараад, базаад, шахаад байгаа мэт мэдрэмж төрөх Дамжилт-зүүн гap, дал, мөр лүү өвдөлт дамжих Хугацаа- 20 минут хүртэл өвдөх. Нэг минутаас бага өвдөх нь зүрхний өвдөлт биш, 20-иос дээш бол зүрхний шигдээсний шинж. Эрчим- өвдөлт сулаас маш хүчтэй байж болно.

Тэр ч бүү хэл хутгалахтай адил гэж зүйрлэдэг. Намдах- титэм судас тэлэх эмэнд, эсвэл хийж буй үйлдэл, ачааллаа зогсооход намдана. Зүрхний шигдээсийн үед зөвхөн өвдөлт намдаах эмэнд эрч нь суларна. Цусан хангамжийн дутагдалтай булчингийн эсүүд унтаа байдалд ордог. Зүрхний цусан хангамжийг сэргээхэд унтаа эсүүд сэргээд үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадвал “зүрхний бах” гэж оношилдог. Харин л булчингийн эсүүд үхсэн бол “зүрхний шигдээс” гэж оношилно.

-Зүрхний шигдээсээр гэнэт нас барчихлаа гэж хүмүүс ярьдаг. Ингэж гэнэт тохиолддог хэрэг үү?

-Зүрхний шигдээс гэнэт, эсвэл аажмаар тохиолдоно. Зүрхийг тэжээгч “титэм” судас гэнэт бөглөрч, цусан хангамжгүй болсноос булчин үхжинэ. Хэрэв бөглөрлийн шалтгааныг богино хугацаанд арилгаж чадвал зүрхний булчинд ямар нэгэн бүтцийн өөрчлөлт гарахгүй. Ингэж чадаагүй тохиолдолд л нэгэнт үхэжсэн булчин сорви болж үлдэнэ. Зүрхний булчингийн тэжээл удаан хугацаагаар архагаар дутагдахад унтаа эсүүд аажимдаа сорвины эдээр солигддог. Хүмүүсээс “Таны зүрхэнд шигдээсийн сорви байна. Хэзээ зүрхний шигдээсээр өвдсөн бэ” гэхээр огт өвдөж байгаагүй гэдэг юм. Гэтэл амьсгаадах, хөлийн шилбээр хавагнах зэрэг зүрхний архаг дутагдлын шинж аль хэдийнэ илэрсэн байдаг.

-Тэгвэл хүн өөрийгөө зүрхний шигдээс болж байна гэдгээ мэдэх боломж бий юу?

-Зүрхний цочмог шигдээстэй өвчтөн “Цээжинд дараад, хүнд оргиод байгаа мэт, тавгүй оргин, бага зэргийн амьсгаадаж байсан. Өвдөлт гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ийм эвгүй мэдрэмжийг өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй. Гэхдээ л аймшигтай байсан” гэж хэлдэг. Ер нь хүмүүс зүрхний цочмог шигдээсийн үед мэдэрсэн өвдөлтийн тухай янз бүрээр дүрсэлдэг. “Цээжээр ороогоод хавчаад байгаа юм шиг “Өвдөлтийн шинж тэмдгийг дүрслэн хэлж чадахгүй байна. Өвдөлтөөс илүүтэй цээжинд тавгүй, таагүй оргиж байсан”, “Цээжин дээр хүндээр дараад байгаа мэт” гэхчлэн ярьдаг. Мөн өвдөлтөөс гадна амьсгаадах, амьсгал давчдах, хүйт оргих, чийг даах, хөлрөх, эрс ядрах, сульдах, дотор муухайрах, бөөлжис цутгах, зүрх дэлсэх, толгой эргэх, ухаан алдах зэрэг зовирууд хавсарч тохиолддог.

-Өвдөлт мэдрэгдэхгүйгээр шигдээс болох тохиолдол байх уу?

-Эмэгтэйчүүд, чихрийн шижинтэй өвчтөн, өндөр настанд зүрхний шигдээсийн дээрх өвдөлт барагтай тохиолддоггүй. Ихэвчлэн сульдах, ядрах, зүрхээр дэлсэх, цээжээр бага зэрэг өвдөх шинжээр илэрдэг.

-Тэгвэл өвдөлт гэхээсээ илүү тааламжгүй, хэцүү,айдас төрүүлсэн мэдрэмж хүчтэй илэрдэг гэж ойлгож болох уу?

-Дээр хэлсэн шинж тэмдгүүдээ ойлгомжтой бол гох үүднээс дарааллаар нь жишээ авч тайлбарлая. Хэрэв хоолны ширээний ард сууж байтал гэнэт цээжний зүүн талд, эсвэл өвчүүний араар хүнд оргих, дараад байгаа мэт болоод, өвдөлтийн байрлалыг яг тодорхойлж чадахгүй, эвгүй болж, цаашлаад уг мэдрэмж улам хүчтэй,эрч нь нэмэгдэж эхэлбэл зүрхний булчин үхжиж эхэлсний шинж юм. Бие сульдан, хүйтэн хөлс чийхарч, бөөлжис цутгах зэрэг шинжийг мэдэрч эхэлбэл ер нь л байдал буруудаж байгааг ойлгох хэрэгтэй.Гэвч зүрхний шигдээс мөн эсэхэд эргэлзэж болно. Мөн хүмүүс өмнө нь ийм шинж хэзээ ч тохиолдож байгаагүй тул зүрхний шигдээс байх боломжгүй гэж өөртөө итгүүлэх гэж оролддог. Ер нь бол цээж хорсох зэрэг өмнө нь таны мэдэрч байснаас огт өөр мэдрэмж төрж байвал яагаад цээжээр хүнд оргиод байна вэ гэдгийг бодож ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй.

-Зүрхний шигдээс гэж сэжиглэвэл хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрвээ зүрхний шигдээс болж байна гэж үзвэл эхний ээлжинд хийж байсан зүйлээ орхиод шалан дээр ч болсон хэвтэж тайвшрахыг оролд. Гэхдээ энэ хийхэд амархан биш. Гэвч битгий сандар, бүү ай. Түргэн тусламж дууд. 103 руу яаралтай залга, эсвэл утасдуулаад зүрхний шигдээс боллоо гэдгээ шууд хэлэх хэрэгтэй.Түргэний эмч иртэл боломжтой бол аспирин зажил. Нитроглицерин ойр байвал хэлэн дороо тавиарай. Таван минутын зайтай гурван удаа тавиад үр дүн өгөхгүй бол зүрхний шигдээсийг улам баталгаажуулах юм. Хэрэв ганцаараа байх үед тохиолдвол анхан шатны амилуулах суурь тусламж үзүүлж чадах хүн ойр байгаа эсэхийг асууж, тусламж хүсэх хэрэгтэй.

-Түргэн тусламж дуудахдаа зүрхний шигдээс гэдгээ шууд хэл гэдэг нь эмчийг яаралтай ирүүлэх гэсэн санаа юу?

-Уг өвчин амь насанд ноцтой эрсдэл учруулдаг тул тусгай тоноглогдсон машинтай, мэргэжлийн баг маш богино хугацаанд ирж, тусламжийг газар дээр нь үзүүлэх бөгөөд тээвэрлэлтийн явцад хүндрэл гарах аваас тэр дор нь арга хэмжээ авах шаардлагатай болдог. Зүрхний шигдээсийн эрт үеийн арга хэмжээ бол минут секундээр хэмжигдэнэ. Тун яаралтайгаар хугацаа алдалгүй холбогдох эмнэлэгт хүргэх ёстой. Зүрхний шигдээсийн эрт үеийн арга хэмжээ бол минут секундээр хэмжигдэнэ шүү дээ.

-Цаг алдахгүй тусламж авахын тулд өөр юу анхаарах хэрэгтэй вэ?

-Зүрхний шигдээсийн үед зайлшгүй сэргийлэх, зайлсхийх зургаан алдаа гэж байдаг. Өөрт тохиолдсон шинж тэмдгээ дутуу үнэлж, үгүйсгэх, зүрхний шигдээс биш бол гэж болгоомжлон санаа зовж бусдаас тусламж гуйхаа хойшлуулдаг. Мөн эмнэлэгт өөрөө очих гэж оролдох, зүрхний шигдээсээр өвдөхөд хэт залуу, эсвэл эрүүл гэж бодох, эрэгтэйчүүд л зүрхний шигдээсээр өвддөг гэж андуурахаас гадна гэр бүлийнхнээ зовоохгүй хэмээн эмнэлгийн тусламжийг хойшлуулах алдаа гаргадаг.Түүнээс гадна олонх нь ингэсгээд намдах байх гэж хугацаа алддаг тал бий.

-Таны ярьсан бүгдийг зүрхний шигдээсээс амьд үлдэх боломж гэж ойлгож болно биз?

-Зүрхний шигдээсээс амьд үлдэх нууц ч гэж болно. Ямар ч хэцүү зүйл үүнд байхгүй. Зүрхний шигдээсийн эрт үеийн шинж тэмдэг, өвдөлтийн талаар мэддэг байх, ямар нэг шалтгаан хэлж 103-ын дуудлагыг хойшлуулахгүй байх, зүрхний шигдээстэй өвчтөн анхан шатны тусламж авч, цаашдын үр дагавартаа санаа зовдог байх, ямар нэгэн тайлбар хийлгүй, шинж тэмдгийг дутуу үнэлэхгүй байх, шигдээс биш гэж сэрэмжлэхгүй байх, Яаралтай тусламжийн тасагт байж, зүрхээ эрүүл гэдгийг батлан гэр лүүгээ санаа амар харихыг илүүд үзэх нь таны бөгөөд бусдын амь насыг аврах чухал түлхүүр юм.