Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Өчигдөр сэтгүүлч Өнөрцэцэг өөрийн цахим хуудаснаа “Хавдартай гэдэг онош сонсоод яаж ч чадахгүй 5-6 жил бүлтэгнэж явлаа. Сарын 1,5 сая төгрөгийн зардалтай хими эмчилгээнд ор гэж эмч хэлэв. Үс унана, бас их ядарна гэхээр нь айгаад дөлөөд яваад байв. Өнөөдөр үзүүллээ, юун хавдар, яасан хавдар, манай эхонд тийм зүйл алга гэлээ.

Бүр лавшрууллаа, үнэхээр алга. (Гадны эмчээс байн байн асуугаад, өнөөх нь нө проблем) гээд сүүлдээ орчуулагчаар 3 удаа асуулгаад тэрүүгээр нэг юм боллоо. Манайхан оношлох тал дээр анхаармаар юм байна даа Өнөөдөр аймар баяртай байна, амьдралд бас ийм ер бусын өдөр ирдэг юм байжээ” .

Мөн тэрээр “Эмч нар голдуу дайрч, зарим нь худлаа юм бичлээ гээд инээдэм, ханиад болгоод байгаа бололтой. Наад оношийг чинь сонсоод, цочирдоод хэвлийдээ бүрэлдээд 5 сар болчихсон, зүрх нь цохилж байсан хүүхдээ үр хөндөлтөөр үгүй хийж байсан шүү. Тэр үед хими эмчилгээнд орсон бол өнөөдөр би амьд явахгүй байжээ. Зүгээр л өөрт тохиолдсон зовлонгоо бичлээ, хэн хэн нь бодоосой гээд л бичсэн юм. Та нартай хэрэлдэж уралдаад байх сонирхол алга!!!” гэжээ.

Харин энэ талаар Хавдар Судлалын Үндэсний төвийн дарга Эрдэнэхүү сошиал хуудаснаа ийнхүү бичжээ.

Харин өөр улсад байсан бол энэ хүн НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН эсрэг гэмт хэрэг хийж байгаа гээд аль хэдийн томоо асуудалд орж эрхээ хасуулж торгууль төлөх байлаа ….

Хавдрын эсрэг олон улсын өдрийн мэндийг хүргэх гэснээ Харин нэгэн “мунхаглал”-ын талаар бичихээс өөр аргагүй боллоо. Сэтгүүл зүй гэдэг бол эмч мэргэжилтэй адил нийгмийн аливаа болохгүйг илрүүлж, тэр зүг анхаарлыг хандуулж эрүүлжүүлэх үүрэгтэй гэж би ойлгодог. Тиймээс ч нийгмийн сайн сайхны төлөө эр зоригтой дуугарч, дуу хоолой болох сэтгүүлчид өндөр боловсролтой, мэдлэгтэй, ёс суртахуунтай байж хэлэх зүйлдээ баттай баримт цуглуулж нотолж байж хүмүүсд хүргэдэг.

Харин манай улсад өөр. Надад олон сэтгүүлч танилуул бий. Бүгдээр тийм биш л дээ. Гэхдээ нэрд гарсанууд нь ихэнхдээ хүмүүсийн мунхаглал дээр тоглолт хийнэ. Худал хуурмагаар хүний нэр төр гутаана. Тэр нь нотолгоогүй үндэслэлгүй байсан ч хамаагүй нийтлэнэ, бичнэ. Хэдэн халтар төгрөг аваад юу ч бичнэ, хэнийг ч харлуулна. Ам нь “Үнэн”-г гэж яривч тархи нь “бүдүүлэг муйхар”-аар ажиллаж, харин сэтгэл нь “мөнгө”-нд зүтгэнэ. Хэнийг ч үл хайрлана, үр дагаврыг “түй” гэнэ.

Хүний амьдралд, ард иргэдэд, үр хүүхэд хойч үед яаж нөлөөлөх талаар бодох сэхээ байхгүй мунхаглалаар хүчийг үзүүлнэ. Сүүлдээ ноолоход амар, үг хэлж чаддаггүй юм болохоор нь худлыг зохион тэр олон “мунхаг” дагагчдадаа “амьд” байлгаж хандалт авахын төлөө ХУДАЛ мэдээлэл бичиж өрөвдүүлэх тактик хэрэглэсэн нь Цаад утгаараа ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ, түүний мянга мянган мэргэжилтэнүүдийг гүтгэж, нэр төрийг гутаан доромжилж, дээр нь ард иргэдэд арайхийн тогтож буй “итгэл” гэдэг юмыг үгүй хийх гэж оролдсон бохир ажил болж байна.

Хавдрыг нь эхо-р харчихаад онош тавиад хими эмчилгээ хий гэдэг хувь, хувьсгалын ямар ч эмнэлэг энэ орчин үед байдаггүй. Хавдрын оношыг эд эсийн шинжилгээгээр баталгаажуулж тавьдаг, тэгээд хавдрын 7-р үе гэвэл тийм юм байдаггүй, тийм юм байлаа гэхэд та 5 жил амьдрах ямар ч боломжгүй гээд Unurtsetseg Naran гэж энэ хүнд хэлэе гэвэл их зүйл байна. Дээр нь сэтгүүлч хүн байж яагаад ийм ёс зүйгүй худалч болчихсон юм бэ?

Хавдаргүйгээ хэлээд баяраа хуваалцсан чинь Англи жолооч цэцэг авч өглөө гэж худал уяраахдаа баруун талд жолоотой байх ёстой Англи улсад зүүн талд суугаад зургаа авахуулчихсан байдаг. Би энэ хүний постыг тоож үздэг ч үгүй. Харин энэ удаа энэ худлаас нь болоод татагдаад орчихлоо. Гэхдээ яагаад ийм худалч хүн сэтгүүлч гээд яваад байна, явах явахдаа амжилттай яваад байна гэдгийг бодохоор энэ нийгэм юу болчихоод байна гэж үнэн харамсах юм.

Ёстой л галзуу солиотой, дуу чангатай нь од болдог хачин бусармаг үед амьдарч байна гэхээр гайхаж цөхөрмөөр…. Сая түр хориг тавьсан хуулиар энэ мэт худал мэдээлэл тавьсан хүн шууд л хориг тавигдах байсан байх даа гэж бодном. Бодоод ч яахав. Энэ хүний энэ үйлдлийн хамгийн том хохирогч нь “эмч” нар болно гэж бодож байвал томоо эндүүрнэ.

Харин эмчдээ итгэхгүй, тэднийг элдвээр хэлэнгээ өөр арга хайх болох тэр олон иргэдийн эрүүл мэнд юм гэдгийг энэ эмэгтэй ойлгодоггүй нь тун харамсалтай! Эмчилгээ хийлгэж буй олон олон хорт хавдартай өвчтөний итгэл сэтгэл үрүү санаатай ус цацсан хорлонтой үйлдэл гэж бүр ихээр харамсаж байна. Сэтгүүлчийнхээ нэр хүндийг хайрлахгүй ийм хүнд бид юу ч хэлэхэв дээ…. Огт нэмэргүй…

Харин өөр улсад байсан бол энэ хүн НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН эсрэг гэмт хэрэг хийж байгаа гээд аль хэдийн томоо асуудалд орж эрхээ хасуулж торгууль төлөх байлаа …. Та нартаа хавдрын эсрэг олон улсын өдрийн мэндийг хүргэе!