Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Уртын дуучин Г.Эрдэнэчимэг нь энэ цаг үеийн сайхан бүсгйүчүүлийн нэг яах аргагүй мөн билээ. Уянгалаг сайхан хоолойгоороо олныг уярааж яваа сайхан бүсгүй маань сарын өмнө Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан билээ.

Дуучин Г.Эрдэчимэгийн хувьд арван жилээ төгсөөд тэрээр Архангайд хуваарилагдан СУИС-ын ганц хуваарийг авч, уртын дууны ангид элсэн орж байсан гэдэг. Аав нь малчин гаралтай ажилчин бол ээж нь багш.

Сайхан бүсгүй маань уртын дуучнаас гадна 2007 онд “Оюутан мисс, мистер” тэмцээнд түрүүлж байсан билээ. Монголд миссийн титэм зүүсний дараа Солоност зохиогдсон олон улсын “Мисс мистер”-ийн тэмцээнд оролцож байжээ.

Г.Эрдэнэчимгийн хувьд УИХ-ын асан С.Жавхлангаас салсан гэх мэдээлэл цахимаар яваад байгаа ч одоогоор албан ёсоор салсан уу үгүй юу гэдэг нь нууц байгаа юм. Ямартай ч Эрдэнэчимэг цахим хуудаснаа Өөрийгөө таниж, өөрийнхөө үнэнтэй дөрөө харшуулах тэр цагаас хүн амгалан тайван оршино. Мөн “Хожимоо харамсахгүйн тулд Хорвоог хүссэнээрээ туул” хэмээн нэгэн сайхан зургаа сошиалд нийтэлжээ.

Хэвлэлд өгч байсан нэгэн сайхан ярилцлагыг хүргэе.

-Та өдөр тутамдаа монгол хэв маягтай дээл, загварын пальто өмссөн харагддаг. Зохисон гэж жигтэйхэн? -Баярлалаа. Өдөр тутамдаа дээл гэхээсээ илүү монгол хэв маягтай, биед эвтэйхэн загварын пальто түлхүү өмсдөг. Гэхдээ гэртээ бол байнга дээл өмсөнө. Ер нь надад ямар ч хувцас их гоё зохидог шүү. Хувцасны буянтай юм шиг байгаа юм.

-Орчин үед цахим ертөнц, гар утасны хэрэглээнд хүүхдийг хянахад төвөгтэй болсон. Бусад аав ээжүүдээс өөр арга барилаар хүүхдээ хүмүүжүүлэх үү. Хүүхдээ монгол хүн болгон хүмүүжүүлэх тал дээр нэлээн анхаардаг байх?

-Бидний хувьд аав нь УИХ-ын гишүүн, олны танил гэх утгаараа хүүхдүүддээ хандах дургүй. Хэтэрхий тансаг, бэлэн хэрэглээнд автуулахгүй байхыг хичээдэг. Монгол гэрт байлгах гээд байдаг нь тийм л учиртай. Хүүхэд гэрт байхаар гаднаас түлээ оруулах, ус зөөх гэх мэтчилэн ажилд гар бие оролцдог. Гэрт амьдрахаар хүүхдийг боль, битгий хий гэх үгнүүд маш их багасдаг. Хашаандаа өөрийн дураар явна, заавал тэднийг хөтлөхгүй, өөрийнхөө мэдрэмжээр гармаар байвал гарч, ормоор байвал орох нь зөв гэж боддог. Ер нь хүүхэд гэрт байснаар маш их хөгждөг. Жишээлбэл, байранд амьдардаг хүүхэд заавал хүний хараа хяналттай, ээж юм уу, аавтайгаа л гарах болдог.

Хаашаа явахаа мэдэхгүй хүнд хөтлүүлсэн хүн л болж хувирах гээд байдаг. Манай хүү гэхэд надтай хөтлөлцөж явах дургүй. Хотын төвд өөрийн дураар л явдаг. Энэ нь нэг талаараа өөрийгөө жолоодож сурах арга барил байх. Ямар нэгэн ном сонин уншуулахаас илүү 20 жилийн дараа ямар хүүхэд болж төлөвших алсыг харж хүүхдээ хүмүүжүүлэх нь зөв.

-Хэдийгээр хүүхдүүд нь жаахан ч та хоёрын хийж байгаа зүйлийг өвлөж явах нь тодорхой. Одоогоор ойлгох насанд хүрээгүй ч хэрхэн ойлгуулахыг хичээдэг вэ?

-Сургуулийн хүүхэд маань сурагч формоор жигдэрдэг. Харин гадна талаар нь хөөрхөн монгол хэв маяг оруулсан хувцас өмсгөдөг. Охин маань хувцсаараа маш их бахархдаг, ичдэггүй. Гэхдээ ичихээр төвшинд биш л дээ. Ганган, дэгжин болгож өгөхөөр маш их бахархдаг юм шиг байгаа юм. Нэг удаа ангийнх нь хүүхэд “Чи яагаад дандаа монгол хувцас өмсдөг юм гэхэд би Самандын Жавхлангийн хүүхэд болохоор өмсөж байгаа” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би дахиад хүн асуух юм бол “Би монгол хүн болохоороо монгол дээлээ өмсөж байгаа юм” гэж хэлээрэй гэж ойлгуулсан. Ер нь ямар ч хүн би хүүхдээ зөв хүмүүжүүлж байна, муу хүмүүжүүлж байна гэж ам гарч болохгүй. Цаг хугацаа л түүнийг харуулна.

Миний бодлоор хэн нэгнээр хүүхдээ харуулах, өдөр өнжүүлэхэд өгөх, хүүхэд асрагчаар харуулах нь буруу гэж боддог. Өтлөхийн цагт бидний үгийг авдаг, ухаантай санаа зовохгүй төвшинд явуулахын тулд одооноос үр хүүхдэдээ тулж ажиллах хэрэгтэй. Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг шиг. Ийм хүүхэд болгохгүйн тулд хэн нэгнээр харуулах нь дэмий гэж хэлэх гээд байна. Миний хувьд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хүргэж, даалгаврыг нь хийлгэж, хэтэрхий хичээлээр шахахгүй байхыг илүүд үздэг. Ер нь дарамттай байдлаар хичээл хийлгэж хэвших нь эргээд хичээлдээ дургүй болох шалтгаан болдог. Манай нөхөр энэ бүхнийг анзаарч маш их ач холбогдол өгдөг. Хичээлээр огт дарахгүй, өнөөдөр би тийм үсэг үзлээ хэмээн бахархаж ирэхээр сэтгэл зүйтэй байлгахыг зөвлөнө. Хүүхдээ алхам тутамд нь анхаарч, ухаан сийлж сургахыг зорьдог. Иймд хэтэрхий тансаг хэрэглээнд сургахгүй, өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэдгийг л ойлгуулах нь чухал.

-Хүүхдүүдээ хэр эрхлүүлдэг вэ?

-Эрхлүүлэх цагтаа эрхлүүлнэ. Манай гурван хүүхэд нэлээд эрх.

-Хүүхдүүд нь сахилгагүйтээд тэсэхийн аргагүй болсон үед чарлах юм уу, том дуугаар загнах тохиолдол байна биз?

-Ээж хүнээс чинь хаврын тэнгэр шиг л олон ааш гарна шүү дээ. Нэг харахад үр минь гээд эрхлүүлж байснаа эргээд харахад загнаад сураар ороолгоно шүү гэх мэтчилэн. Хүүхэд л юм чинь тэднээс есөн шидийн ааш гарна, дэрсхэн хүүхдүүд тэрсэлдэнэ, юм булаацалдана. Би ч гэсэн янз бүрийн ааш гаргана. Хүн угаасаа маш олон дүртэй гэдэг. Уурлахаараа улаан Жамсран бурхны царайтай болдог, аядуухан энэрэнгүй зан гаргахаараа Цагаан дарь эх шиг царайтай болдог гэдэг. Бурхдын бүх дүр л нэг хүний олон зан байдаг гэж сонссон юм байна. Эрдэнэчимэг зураг болон клипэн дээр байдаг шиг дандаа гоё сайхан ааштай байна гэж байхгүй. Зарим­даа улаан Жамсран бурхан шиг царайтай болно.

-Танайх эсгий гэрт амьдардаг юм уу. Зарим нь гэрт, зарим нь байранд амьдардаг гэдэг юм билээ?

-Хүүхдүүд маань сургууль соёл, нөхөр маань хурал чуулган, би Монголоороо төв гээд явна. Ажлын өдрүүдэд ажил албандаа ойртоно. Амралтынхаа өдрүүдээр л гэртээ байдаг.

-Нүүрс түлэх үү, шалны халаалттай юу. Хүн бүр л байранд амьдрахыг зорьж байхад, нүүрс түлээд амьдрах хэцүү биш үү?

-Юу нь хэцүү гэж. Хүний хийдэг л ажил, түлдэг л нүүрс шүү дээ. Усаа зөөгөөд л модоо хагалаад амьдардаг. Гар хуруу нүүрс болох үедээ нүүрс болно.

-Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Аав, ээж маань надад өндөр нуруу байнга салонд хэвтээд байхааргүй сайхан арьс заяасан байна. Угаасаа би тэр бүр гоо сайхны салонд орж чадахгүй, амжихгүй байна. Аятайхан шиг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж нүүрээ сайн цэвэрлэхийг л хичээдэг.

ГОЁ Л САНАГДДАГ. ТУХАЙН ҮЕД ТАРГАН БАЙНА ГЭЖ ФИТНЕСС, БАССЕЙНД ЯВДАГ БАЙСАН. ТЭГЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ХӨӨРХӨН Л БАЙСАН БАЙЛАА

-Та цагтаа хамтлагийн гишүүн, тухайн үедээ мисс гэгдэж байсан хүн. Одоо үетэй харьцуулахад нүүрээ будсан, өндөр өсгийт өмссөн байх жишээтэй. Тэр бүхнийг эргэн харахад ямар санагддаг вэ?

-Гоё шүү дээ. Хүний 20 гаруй настай залуу үе гэдэг үнэхээр гоё, бөөн бөөн дурсамж. Тухайн үедээ би өөрийгөө тарган байна хэмээн фитнесс, бассейнд явдаг байсан. Одоо тухайн үеийнхээ зургийг харахаар ямар ч тэгэх шаардлагагүй, өөлөх юмгүй хөөрхөн л байсан байна гэж хардаг. Тухайн үеийн зургийг харахаар үнэхээр гоё санагддаг.

-Найз нөхөд тань таныг өөрчлөгдсөнд юу гэдэг байв. Хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай найзууд гэвэл тухайн үедээ хамт дуулдаг байсан Үүрээ, Номин хоёрыг хэлнэ. Бид гурав хичээлдээ явахдаа үстэй дээл, лоовуузан малгай, буриад гутал өмсдөг оюутан байлаа. Уртын дууны ангийн оюутан учраас тэр байх л даа. Манай сургуулийн эстрад дууны ангийнхан шар, ногоон үстэй, уртын дууны ангийнхан олон таван үггүй намбалаг хүүхдүүд байх жишээтэй. Номин, Үүрээ хоёр манай хүн бид хоёрыг ижилхэн зан ааштай, хоёр биедээ яг тохирох хос гэдэг. Манай найзууд бол гайхаагүй, харин ч гоё юм аа л гэдэг байсан. Угаасаа бид хөдөөний хүүхэд, уртын дуу сурах гэж ирсэн, айраг уудаг, монгол дээл өмсдөг монгол өв соёлд ойр өссөн. Иймд манай найз нөхөд болон ойр дотны хүмүүс нэг их гайхаагүй.

НАМАЙГ АРАГ ТҮШИЖ ТӨРСӨНД ГАЙХААД БАЙХААР НЬ БИ ХАРИН ХҮМҮҮСИЙГ ГАЙХААД БАЙГАА ЮМ

-Таныг хүүхдүүдээ төрүүлэхдээ араг түшиж төрсөн гэдэг. Энэ үнэн юм уу, орчин үед аль сайн эмнэлэг, эмчид хандаж эмэгтэйчүүд маань төрөх болсон. Та ингэж төрөхдөө айдастай тулгарч байгаагүй юу, гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авдаг байв?

-Би ерөөсөө айгаагүй. Яагаад гэвэл тав, зургаан мянган хүүхэд эх барьж авсан туршлагатай өвгөн эмч намайг төрүүлж хүүхдүүдийг маань эх барьж авсан. Миний 80 настай эмээ, хань минь, 60 настай ээж маань байсан учраас айх сандрах тохиолдол байгаагүй. Миний эмээ бүх хүүхдээ араг түшиж төрүүлсэн. Миний араг түшиж төрөх манай эмээд огтхон ч сонин биш. Сайхан л байсан, эмээ нурууг маань илж эмээ, ээждээ эрхэлж амаржсан болохоор гоё л санагдсан. Дээрээс нь би төрөхийг өвчин гэж боддоггүй.

Ямар хагалгаанд орж байгаа биш, эмэгтэй хүн бүрт тохиолддог хорвоогийн жам шүү дээ. Эртнээс манай эмэгтэйчүүд эмчгүй ганцаараа хээр гадаа явж байгаад төрөх тохиолдол ч байдаг л байсан. Ер нь хорвоогийн жам болохоор заавал эмнэлэг явах шаардлагагүй гэж бодсон. Өнөөдөр гурван хүүхэд маань эсэн мэнд байна. Би гэхдээ эмчийг үгүйсгэж байгаа юм биш. Эх хүн амаржихад төрөх үйл явцыг удирдах эмч чухал байлгүй яах вэ. Гэхдээ охид бүсгүйчүүд маань төрөх нь хорвоогийн жам шүү гэдгийг умартах биш ухаарах хэрэгтэй. Намайг араг түшиж төрсөнд гайхаад байхаар нь би харин хүмүүсийг гайхаад байгаа юм. Миний эмээ гэлтгүй 19 дүгээр зууны дундаас дээш үеийн эмэгтэйчүүд бүгд л араг түшиж төрсөн байдаг. Тэрийг л ямар хурдан мартаж байгааг гайхаад байгаа юм.

-Цаашдаа хэдэн хүүхэдтэй болъё гэж бодож байгаа вэ?

-Болж өгвөл олон хүүхэдтэй болохыг зорьж байна. Биеийн байдал л мэдэх байх даа. Бие маань тэнхлүүн сайхан байвал хүүхэд гаргаад л байна.

-Та хоёр анх хэрхэн танилцаж байсан вэ?

-Таны асуусан асуултыг угаасаа сэтгүүлчид бүгдээрээ асуудаг юм. Бид хоёр намайг Жавхлан, Эрдэнэчимэг гэдэг гэж лав танилцаагүй. Яалт ч үгүй урлагийн хүмүүс болохоор бие биеэ мэднэ, харж л байсан. Гэнэт л нэгнээ хараад дурлаагүй. Манай нөхөр хувийн амьдралдаа нууцлаг ханддаг болохоор нэг их дэлгэж яримааргүй байна.

-Таны нэг өдөр нэлээн завгүй өнгөрдөг байх. Гэр бүлдээ хэрхэн анхаардаг вэ?

-Хүүхдүүдээ сэрэхээс өмнө босож өөртөө цаг гаргана. Охиноо цэцэрлэгт нь өгнө, дараа нь өглөөний хоолоо хийнэ, өдөр охиноо сургуульд нь хүргэж өгөх маягаар өнгөрнө. Хүүхдийнхээ хичээлийн цагаар “Монголоороо” төвд юу дутагдаж байна тэр бүгдийг цуглуулна. Орой хүүхдээ аваад урлангаараа орж хэн юу хийж байна, ямар захиалга ирсэн гээд л хяналт тавина. Мөн шинэ загвар гаргах, өөрөө хувцсаа өмсөж зураг авхуулахад бүр ч их ажилтай.

Шинэ гаргаж буй бүх загвар дээр ярилцаж, примеркийг өмсөх, материалаа сонгох зэргээр ажил мундахгүй. Үр хүүхдийнхээ хоол ундыг хийж өгнө. Үнэхээр зав гарахгүй шүү. Хэдий зав гарахгүй ч гэр бүлээ нэг номерт тавьдаг. Ер нь айлын гэргий хүн гэр бүлээ хоёрдугаарт тавих нь зохимжгүй. Миний хувьд тэднийгээ орхигдуулахаар нэг л харамсалтай сэтгэл дундуур байдаг юм. Нэг үгээр хэлбэл гундаагаад байгаа ч юм шиг санагддаг.