Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Далай ламын айлдвараар X Богдоор тодорч буй 8 настай хүү бол “Монполимент” группийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зээ юм.

Түүний ээж нь Ц.Гарамжавын охин, “Монцемент” төслийн удирдагч Н.Мөнхнасан бол аав нь МУИС-ийг төгссөн математикч Ч.Алтаннар юм.

Х Богдод абшиг хүртээх ёслолын ажиллагаанд тэд гэр бүлээрээ очиж оролцжээ. Ч.Алтаннар Н.Мөнхнасан нар АНУ-д суралцаж байхдаа танилцсан бөгөөд өдгөө 4 хүүхдийн аав ээж болсон. Х Богд маань тэдний 3 дахь хүүхэд аж.

Шинээр тодорсон 10-р богд аль нэг хийдэд бус, Богд уулын Арцатын аманд байгуулж буй нийтэд шашны боловсрол олгох шашин-соёлын цогцолбор хүрээлэнд суух юм байна.

Мөнхнасангийн хувьд Улаанбаатар хотын 11 дүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангид суралцаж байгаад Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан, ахлах сургуулиа АНУ-д төгссөн байна. Аав нь математикийн багш байсан учраас багаасаа физик, тоонд дур сонирхолтой байжээ.

Жорж Вашингтоны их сургуульд макро эдийн засаг, санхүүгийн инженерчлэлийн магистрын зэрэг хамгаалсан юм. Мөн Харвардын бизнесийн сургуулийн залуу манлайлагч нарын хөтөлбөрийг дүүргэж байв.

Тэгвэл “Алганы хээ” нэвртүүлэгт орохдоо ээжийнхээ талаар ийнхүү ярьжээ. “Энэ хорвоод ээжтэй хүн хамгийн баян, хамгийн аз жаргалтай хүн байдаг. Миний хувьд ээж маань миний хамгийн том багш, профессор байж ирсэн. Зөндөө олон их сургуулийг төгссөн ч гэсэн амьдралын хамгийн том багш маань ээж маань байж ирсэн.

Цаашид ч гэсэн ээжээсээ суралцан зүйл маш их байдаг. Ээжээрээ их бахархаж явдаг. Ялангуяа миний ээж бол маш их зүйлийг амжуулж, амьдралын янз бүрийн л нугачаан дунд ирсэн. Дүү маань бие муутай байдаг юм. Аав багадаа хүнд өвчнөөр өөд болсон. Тэр үед ээж минь зориг гарган 14 настайд минь надад итгэж АНУ руу явуулж байсан.

Нэг нь ч гэсэн боловсрол олж байг гээд. Тэгж их итгэсэнд би өнөөдөр маш их баярлаж явдаг. Яаж тэр хүүхэд нь сураад алга болчихоогүй юм. Багаас нь өвлүүлсэн хүмүүжил, сургаалийн үгс, ээж маань дүү бид хоёроос гадна Монполимент компаний 100,100 адилхан залуучуудыг сургаж хүмүүжүүлж мэдлэг онол практикийн хичээл болгож бид бүхний ээж болж явсан хүн. Бага байхад ээж яагаад гэртээ үзэгддэггүй юм бэ, яагаад хоолоо хийдэггүй юм бэ яагаад би дандаа хоолоо хийдэг юм бэ, дүүгээ хардаг бүх л ажлаа хийдэг байлаа.

Одоо бол маш сайн ойлгож байна. Адилхан тийм зүйл над дээр давтагдах гээд байх шиг. Манай хүүхдүүд бас гэртээ байхад би амжиж очихгүй үе гарах юм. Компаний ажил удирдана гэдэг маш хүнд амаргүй, ялангуяа хүмүүстэй удирдах түвшинд хамтран ажиллана гэдэг маш их ур чадвар шаардсан, манлайлалын урлаг шаардсан. Орчин цаг үед бас онцлогууд байна. Тухайн үед ондоо байсан бол одоо нэлээн ярвигтай, төрөл бүрийн гадны нөлөөллүүд бас бий болсон байна.

Цаг үеэ дагаад манлайллын арга барил өөрчлөгдсөн хэдий ч бас ээжийн маань анх үүсгэсэн Монполимент компаний суурь нь бат байсан болохоор одоог хүртэл амжилттай явдаг болов уу гэж бодож байна. Чи эмэгтэй учраас тэг ингэ гэсэн онцгойлсон сургааль бол байгаагүй. Чи юугаараа дутах юм гэсэн байдлаар л байдаг байсан л даа.

Тэгэхээр эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн чанараа гээж болохгүй, аливаа юманд тууштай хөдөлмөрлөж үнэнч шударгаар хөдөлмөрлөх хамгийн сайхан, боловсрол хамгийн дээдийг олох хэрэгтэй, олон улсын практикийг Монгол улсдаа авчирч бизнесийн түвшинд. Ямар ч юманд сэтгэлийн хаттай байх гэдгийг ээжээсээ маш сайн ойлгосон. Төрөл бүрийн л зовлон бэрхшээл хүүхдүүдэд бий болно шүү дээ. Тэгээд л уйлаад гэртээ ирэхэд ээж өөдөөс наадхыг чинь ямар зовлон гэдэг юм гээд л.

Тэгэхээр ээжтэй хүн гэдэг жаргалтай гэдэг, ямар ч зовлон зовлон биш болдог. Тиймээс ээжийн маань өвлүүлсэн ур ухаан, хүмүүжил бол аливаа сорил бэрхшээл, амьдралын төрөл бүрийн тохиолдох асуудлууд дээр ухаантай, тууштай, тэсвэртэй байхад ард нь гардаг гэсэн байр суурьтай байдаг” хэмээн ярьжээ.

Түүний хүүхэд нас:

Түүний хүүхэд нас амандаа чихэртэй, үсэндээ туузтай охины бодож санах юмгүй он жилүүд байсангүй. Ээж нь олон сараар геологийн экспедицэд явчихдаг, ганц дүү нь өвчтэй учраас гэрээ цэвэрлэх, хоол хийх, дүүгээ асрах зэрэг арын ажил тэр чигээрээ түүн дээр буудаг байв. Математикийн багш мэргэжилтэй сургуулийн захирал аавын хүүхэд тэрээр хичээлдээ шамдаж, хөгжим, бүжгийн дугуйланд явж, үлгэр жишээ сурагч байж чаддаг байлаа.

14 настай байхдаа аавыгаа алдаж, айлын том охины үүрэг хариуцлага улам томорч, хүүхдээрээ “насанд хүрэхээс” өөр сонголт үлдсэнгүй. Тэр жилдээ Пионерын ордны англи хэлний дугуйланд сурч байхдаа Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар Монголд ажиллаж байсан Лиза Брадфорд хэмээх багштай танилцаж нөхөрлөсөн нь түүний амьдралд гарах том өөрчлөлтийн эхлэл болов.

Ядуу буурай оронд, танихгүй хүмүүсийн дунд, идэж дасаагүй хоол ундтай зүдэрч байсан энэ бүсгүйн хувьд Н.Мөнхнасан дотны найз нь болов. Нэгэнтээ Америкт очиж үзэх хүсэлтэйгээ хэлэхэд оюутан солилцооны INMEX хөтөлбөрийн тухай ярьж өгөөд туслахаар шийдэв. Тэдний сонгосон хөтөлбөр 5000 ам.долларын үнэтэй байв. Америкт хүлээж авах гэр бүл байгаагүй учраас Лиза түүнийг шууд өөрийнхөө оронд гэр лүүгээ явуулахаар болжээ.

Тэр үед ээж Ц.Гарамжав нь Монполимет компаниа дөнгөж байгуулаад, гайгүйхэн оффис түрээслэн тавилгууд аваад байж байтал тэр ээждээ 5000 ам.долларын тухай хэлсэн нь гэр бүлд байтугай компанийн хувьд ч санхүүгийн том асуудал болов. Тэгсэн ч охиныхоо ирээдүй, алсын харааг бодсондоо гэрийнхээ болон оффистоо авсан тавилгаа буцаан зарж шаардлагатай мөнгийг олж, “Миний охин газар үзээд юм сураад ир” гэв. Н.Мөнхнасангийн хувьд мөрөөдлөө биелүүлж англи хэл сайн сураад, дүүгээ эмчлүүлэх хүсэл нь хүчтэй байлаа.

Лизагийн аав, ээж нь Сан Францискогийн онгоцны буудал дээр уг нь охиноо тосох хүсэлтэй байсан авч оронд нь хаа холын Монголоос гэнэт гэрт нь өсвөр насны хүүхэд ирэхэд эхэндээ Лизагийн гэр бүл хүлээж авах дургүй байв. Охиныхоо ятгаснаар л түр хугацаанд байлгахаар болжээ. Гэхдээ удалгүй байдал сайнаар эргэж Н.Мөнхнасан энэ гэр бүлийн гишүүн болжээ. Аавтай нь англи хэл судалж, ээжтэй нь хоол хийсээр Лизаг гэртээ эргээд ирэхэд тэр гурав хэдийнэ дотноссон байлаа.

Гурван жилийн дараа сургуулиа төгсөөд буцах болоход Aмерик аав, ээж нь явуулахгүй хэмээн нулимс унагав. Харин төгсөлтийнх нь баяр дээр ирсэн Ц.Гарамжав гурван жилийн өмнө явсан охин нь тэс өөр болсныг хараад гайхаж баярлах зэрэгцэв. Түүнийг Америкт ахлах сургуульд сурч байхад хүүхдүүд гадуурхах нь ердийн хэрэг байжээ. Ангидаа нөлөөтэй болохын тулд өөрийн хамгийн хүчтэй тал болох математикийн мэдлэгээ ашиглан сурагчдад тусалж, оронд нь англи хэлний хичээлдээ туслуулдаг байв.

Богинохон хугацаанд сурлагын өндөр амжилт гаргасан тэр INMEX хөтөлбөрөөр дахин 20 монгол оюутан авчраад өөрөө үнэгүй сурах санал авч байлаа. Түүний гаргасан мөрөөр АНУ-ыг зорьсон олон арван залуус өнөөдөр Монголын үнэ цэнэтэй мэргэжилтнүүд болсон. Ийнхүү 1995 онд хувь заяа Н.Мөнхнасанг бөмбөрцгийн нөгөө бөөрөнд шидэн, огт танихгүй гадаад айлд аваачсан ч тэр харь хөрсөнд цэцэглэж чаджээ.

Үүнээс хойш Сан Францискогийн их сургуульд эдийн засаг, санхүүчийн мэргэжлээр онц төгсч, Монголын Төвбанканд эдийн засагчаар ажиллаж, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд санхүүгийн инженерчлэл, эдийн засгаар магистрт сурч, Дэлхийн банкны төв оффист ажилласанаар мэдлэг тэгширсэн үнэ цэнтэй менежер, удирдагч болж төлөвшжээ. Ингэж төлөвшихөд ээжийнх нь нөлөө хүчтэй байсан тухай тэр байнга онцолдог.

Тэсвэр хатуужил, хөдөлмөрч, тууштай чанарын үлгэр жишээ болсон ээжийнхээ итгэлийг дааж, хариуцлага алдахгүй явах нь түүний амьдралын гол чиг баримжаа байв. Н. Мөнхнасанг ээж нь гайхалтай өөдрөг үзэл бодолтой, ямар ч хүндрэлтэй асуудлыг нэг л ухаантай үгээр засчихдаг охин доо гэж тодорхойлдог.