Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Манай сурвалжилгын баг өнгөрсөн оны 11-р сард 6-17 насны бүтэн өнчин дөрвөн хүүхэд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд хүнд байдалд амьдарч байгааг сурвалжилсан. Ээж нь өөд болсноос хойш харгалзах хүнгүй болсон хүүхдүүд дүн өвлөөр хүйтэн гэрт нимгэн хувцастай амьдарч байв.

Дээрээс нь тэдний гэрээр согтуу эрчүүд эргэлдээд байсан учир хоёр охин хүүхдийг нь хүчирхийлчих вий гэж айсандаа Н.Мөнхтуяа багш өөр дээрээ авч байжээ. Хүүхдүүд шинэ гэртэй боллоо Тэгвэл өнгөрсөн хугацаанд Н.Мөнхтуяа багш “Багшийн хайр” ТББ-аар дамжуулан “Тал талхны мөнгөөр тайван амьдрал бэлэглэе” нэртэй 1000 төгрөгийн аянг зохион байгуулсан юм.

Тус аяны хүрээнд 70 гаруй сая төгрөг төвлөрч хүүхдүүд дулаан байранд амьдарч эхэлжээ. Биднийг очиход хүүхдүүдийн нүүр баярын мишээлээр дүүрэн, тохилог гэртээ тоглоом тоглож, зурагт үзэж байв. Н.Мөнтуяа багш нэгэнт тэдний ээжийг орлох дотно хүн болжээ. Хүүхдүүд ч багшдаа маш их хайртайгаа дахин дахин хэлж байв. Том ах нь Нийслэлийн Боловсролын газраас бэлэглэсэн компьютер дээр тоглож байсан бол төд удалгүй ЕБС-ийн 141-р сургуулийн хамт олон компьютерын ширээ барьсаар орж ирсэн юм.

Тэд тохилог орчинд аз жаргалтай амьдрах боломжтой болсноос гадна онц сурч, мэргэжилтэй болж сайхан амьдрахаа бидэнд амлав.

Монголын зуу, зуун багш нар хандивын аянд нэгджээ

“Багшийн хайр” ТББ нийт таван багшийн бүрэлдэхүүнтэйгээр сайн үйлсийн аянг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хүүхдүүдэд бүхий л хэрэгцээгээр тусалж байсан.

 

Мөн Нийслэлийн Боловсролын газар, ЕБ-ын 24 болон 141-р сургууль хамтран ажиллажээ. Н.Мөнхтуяа багш “Өнөөдөр Монголын мянга, мянган багш, иргэд нэгдэж манай хүүхдүүдийг байртай болгож чадлаа. Өмнө нь хашаагүй задгай гэрт, аюултай орчинд амьдарч байсан хүүхдүүд өнөөдөр дулаан гэртээ аз жаргалтай байна.

Мөн танай байгууллагын хамт олонд маш их баярлалаа, олон хүнд энэ асуудлыг хүргэж өгсөнд. Хүүхдүүдийг авч явснаас хойш дөрвөн сарын хугацаанд би дэргэдээ байлгасан. Бидний явуулсан аяны хүрээнд нийт 70 гаруй сая төгрөг цугларсан юм. Сүүлд найман сая төгрөг дутахад Багшийн хайр ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Идэржавхлан өөрөөсөө гаргаж өгсөн. Удахгүй бүх тайлангаа дэлгэж үзүүлэх болно. Мөн хүүхдүүдээ удахгүй харьяаллын сургуульд нь шилжүүлэн сургана.

Хүүхдүүддээ маш их хайртай, дандаа хамт байгаад ээж шиг нь л болчихсон. Одоо сургуулиа сайн төгсөөд сайхан амьдрах хэрэгтэй. Ирээдүйн бүх зүйлд нь аз жаргал хүсье. Бас Монголынхоо мянга мянган багш нарт баярлалаа” гэлээ. “Би том болоод цагдаа болох мөрөөдөлтэй” Дунд дүү М.Чингис “Шинэ гэртэй болсон маш сайхан байна. Үнэхээр гоё байна. Багшдаа зөндөө их хайртай. Би зураг зурах дуртай. Тийм болохоор том болоод зураач болно” гэлээ.

Бага дүү М.Тэмүүлэн: “Харин би том болоод цагдаа болно. Шинэ гэр минь маш их таалагдаж байна. Ялангуяа бид нарын даруулсан зураг хамгийн гоё. Би багш нартаа маш их хайртай” гэв. Саяхан хашаагүй задгай газарт, гал түлэх модгүй, хамгаалж хайрлах хүнгүй гэрт хаанаас хэн орж ирэх бол гэх айдастай байсан бяцхан үрс одоо айх аюулгүй болжээ. Хүүхдүүдийн нүднээс хайр гэрэлтэж байв. Том эгч нь гурван бяцхан дүүгээ хоногийн хоолтой байлгахын тулд ажил хийж гэрээ тэжээдэг байсан бол өнөөдөр жолооны дамжаанд сурч, 12-р ангиа амжилттай төгсөх гэж байна. Түүний нуруун дээрх ачааг багш нар нь хуваалцана гэдгээ хэлж байв.

Эх сурвалж: Eguur.mn